Нүүр Мэдээ Буцах
shape
  • 1 сарын 05, 2024

Сан Маркын талбайд сүндэрлэх САН МАРКЫН СҮМ

Eurotravel

Итали хэлэнд талбай гэдэг үгийг пиацца гэх бөгөөд Венецед маш олон талбай бий. Гэвч Ром, Флоренцоос ялгаатай нь гагцхүү Маркын талбайг л пиацца Сан Марко гэж дуудан бусдыг нь кампо гэнэ. Ариун Маркын талбайг анх харахад нүсэр том мэт санагдах авч урт нь ердөө 175 метр аж.

Талбайн гол хэсэгт алдарт Сан Маркын сүм байна. Сүмийн барилгын суурин дээр аль эрт галавын нэгэн жижиг сүм байгаад цагийн аясыг даалгүй арчигдан алга болж ормон дээр нь 11-р зууны дунд үед дож Доменико Контарини грекийн загалмай хэлбэртэй шинэ сүм байгуулах шийд гаргасан нь өнөөгийн Маркийн басилика агаад чухам хэн барьсан тухай мэдээлэл хараахан үлдээгүй байна.

1096 онд сүмийн барилгын ажил үндсэндээ дуусч, энэ ондоо багтаан авшиг хүртээн, сүмийн шүтээнээр бараг 9-р зууны үед хаа холын Александр хотоос нууцаар зөөн авчирсан гэгээн Маркын шарилыг залжээ.

Энэ цаг мөчөөс эхлэн сүмийг гоёж чимэглэх ажилд Венецийн язгууртнууд хийгээд жирийн иргэд хүртэл их бага хэмжээгээр хувь нэмрээ оруулах болов.

Ялангуяа сүмийн дэргэд энэ зорилгоор бий болгосон хуримтлалын санд худалдаа наймааны ашиг, дээрэм тонуул, дайн байлдаан гэхчлэн есөн шидийн арга замаар орж ирсэн, шил, шаазан, чулуу шавар эдлэлээс гадна алт мөнгө шүр сувд, оюу гээд үнэт эрдэнэсийн зүйлс цутгах болжээ.

Энэ тухай Египетийн оршуулгын газрыг тоносон хоёр худалдаачны түүхийг одоо хүртэл наргиа болгон ярьдаг байна. Ийм маягаар Маркын сүм зуун зууныг дамнан өнгө төрхөө өөрчлөн засч ирсэн байна.

Одоо харвал эрт үеийн ислам цэргийн дуулгыг санагдуулам бөмбөгөр оройн хэсгүүдийг гялалзаж гялтганасан эдээр бүрж, гадна дотор талыг гантиг, өнгөт шүрээр чимэн их биений нүүрэн талын хотгор гүдгэр хэсэгт үнэн алдартны сүмүүдэд түгээмэл байдаг шигтгэмэл зураг суулгасан нь гойд сэтгэгдэл төрүүлдэг байна.

Eurotravel

Сүмийн нүүрний хэсэгт эртний Грекийн барималчдын бүтээсэн дөрвөн хүрэл морийг залжээ. Энэхүү нандин бүтээл нь анх Ром дахь Траяан хааны ялалтын хаалгыг чимэглэж байсныг их Константин хаан нийслэлээ дорно зүгт шилжүүлэхдээ авч явжээ. 1204 онд дож Энрико Дандоло Константиниаполи хотоос аян дайны олз болгон дээрэмдэж, хэсэг хэсгээр нь салган Венецэд авчирсан байна. Гэвч 1797 онд Наполеон морьдыг Парис руу зөөжээ. Харин 1815 онд Наполеоныг ариун Елена арал дээр цөлөгдөхөд Австричууд буцаан авчирч Маркын сүмийн нүүрний тавцан дээр залсан түүхтэй.

Эдүгээ энэ гоёмсог сүмийг Истамбул хотын Софийн сүмтэй адилтган үздэг бөгөөд Византины уран барилгын дурсгал гэдэг билээ.

Eurotravel


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo