How To Choose The Best Rope For Hiking
- 05 Nov
ОЛИМПЫН БЭЛГЭДЭЛ
Олимпын бэлгэдэл нь олимпын таван цагаригаас бүрдэх ба нэг өнгөөр буюу олон өнгийн хувилбараар тусгайлан хийгдсэнээр ашиглагдана.
Эдгээр цагариг нь цэнхэр, шар, хар, ногоон, улаан гэсэн өнгийн дараалалтай. Цагаригууд зүүнээс баруун гар тийш сүлжилдсэн байна. Дээд талд нь цэнхэр, хар, улаан цагариг, доод талд нь шар, ногоон цагариг байрласан байх ба ОУОХ- ны Төв штабт хадгалагдаж буй албан ёсны дүрс, зурагтай нийцэж байх ёстой.
Эдгээр цагаригууд нь дэлхийн таван тивийн бат холбоо болон Олимпын наадамд бүх дэлхийн тамирчдын уулзалтын бэлгэдлийг илэрхийлж байгаа юм.
Евро Трэйвел ХХК нь 2021 оны 05 сард Монголын Үндэсний Олимпын Хороотой гэрээ байгуулан Парис-2024 зуны олимпын наадамд Монгол аялагчдыг аялуулах тусгай эрхийг албан ёсоор авсан юм.
ОЛИМПЫН ТУГ
П. Кубертин 1913 онд олимпын бэлгэ тэмдгийг санаачлан, таван тивийн хүн ардын холбоог таван цагираг, хэлхэн, сүүн цагаан туган дээрээ сүлдэлж, 1914 онд Парист хуралдсан олимпын VI их хуралд оруулан батлуулаад 1920 оны олимпт анх удаа тугаа мандуулжээ.
Олимпын туг, сүлд нь түргэнээс түргэн, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй /Citius, Altius, Fortius/ гэсэн уриан дор сүр хүчээ агуулж, дэлхийн зон олны дунд хүндэтгэл болон баталгаажсан юм.
Олимпын бэлгэдлийг өмчлөх цорын ганц эрхийг 1981 оны IX сарын 26-нд Найробын гэрээгээр ОУОХ- нд олгосон билээ.
ОЛИМПЫН БАМБАР
Олимпын наадамд мандал, бадралын бэлгэ тэмдэг болгож гал хөгжөөдөг ба галын бамбарыг олимпын уулнаас Зевс бурхны сүмийн үүднээс нарны туяаг галт шилэнд тусгаж хүндэтгэлтэйгээр ноцоодог уламжлал тогтжээ.
Эртний грекүүд лампадапор буюу бамбартай гүйдэг нь энх тайвны бэлгэдэл байв. Иймээс олимпын галын өвлөгч нь Грек орон юм.
Олимпын бамбарын буухиа аялал нь дайран өнгөрөх улс орон бүрт олимпыг сурталчлах өргөн арга хэмжээ, бүх нийтийн баяр болж ирсэн.
ОЛИМПЫН СҮЛД ДУУЛАЛ
Анх 1896 онд дараа нь 1950 онд тус тус зохиогдсон бөгөөд Спуроу Самаросын зохиосон бүтээл 1958 онд Токиод хуралдсан 55 дугаар чуулганаар албан ёсны баталгаа авсан байна.
Олимпын сүлд дууллыг Их хурал, чуулганы нээлт, олимпын наадмын нээлт дээр эгшиглүүлдэг юм.
ОНЦЛОХ ТЭМДЭГ /ТАЛИСМАН/
Олимпын наадмуудыг зохион байгуулагч хот нь онцлох тэмдэг /талисман/ зохион хэрэглэх заншил 1956 оны Мельбурны олимпоос эхэлсэн юм.
Дэлхийн II дайнаас хойш тив, дэлхийн аварга шалгаруулах v тэмцээн, олимпын наадамд төрөл бүрийн амьтан, юмсын дүрээр онцлох тэмдэг зохион хэрэглэдэг болсноор тэр тэмдэг нь уг наадмын нийтэд танил, өхөөрдөл, хүндэтгэл хүлээдэг зүйл нь болжээ.
ОЛИМПЫН МЕДАЛЬ
Анх олимпыг зохион байгуулагчид 1908 оноос эхлэн алтан медаль шагнаж эхэлсэн ба 1928 онд Амстердамд болсон Олимпиадын тэргүүн байрт Италийн зураач Жузеппе Кассиолын загвараар бүтээсэн медалийг гардуулжээ.
Тэр медалийн нүүрэн талд ялалтын бурхан Никед лаврын мөчир бариулан, эртний Ромын уран барилгын дурсгал дээр байрлуулан, нөгөө талд нь уралдаанд тэргүүлсэн тамирчныг гар дээрээ өргөн хүндэлж байгаа хүмүүсийг дүрсэлсэн байна.
Олимпын шагнал нь алт, мөнгө, хүрэл медаль бөгөөд алтан медальд 6 гр цэвэр алт, мөнгөн медальд 25 гр цэвэр мөнгө ордог байна.
1986 онд ОУОХ олимпын медаль авсан тамирчдад энгэрийн тэмдэг олгож байхаар тогтжээ.
ОЛИМПЫН ОДОН
Олимпын хөдөлгөөнийг дэлгэрүүлэн, хөгжүүлэхэд онцгой гавъяа байгуулсан хүмүүст ОУОХ- ны дээд шагнал Олимпын одонгоор /алт, мөнгөн/ шагнадаг юм.
Олимпын гинжит энэ одонгоор 1975 оноос эхлэн, олимпын хөдөлгөөнд үнэт хувь нэмэр оруулсан тамирчин, спортын мэргэжилтэн, төрийн зүтгэлтэн зэрэг олон хүн шагнуулжээ.
Олимпын ёслол хүндэтгэл бол зөвхөн тамирчдын амьдралд тохиолдож байгаа баярт агшин төдийгүй сая сая залууст тэдний дууриаллаар замнаж спортоор хичээллэх, өндөр үзүүлэлтэд тэмүүлэхээс гадна, үндэсний эрүүл саруул бахархал, дэлхийн улс орнуудад эх оронч үзэл өсөн нэмэгдэх үнэлж баршгүй хүчин зүйл юм.
ОЛИМПЫН НААДАМ
Олимпын наадам нь ганцаарчилсан ба багаар өрсөлдөх спортын төрлүүдийн тамирчдын дунд явагдах тэмцээн уралдаан болохоос улс орнуудын хоорондын тэмцэл бишээ.
Олимпын наадам нь дээрх зорилгын үүднээс ҮОХ-доос сонгон шалгаруулж, мэдүүлгийг нь ОУОХ хүлээн авсан, олон улсын тухайн спортын холбоодын техник удирдлагын дор өрсөлдөх тамирчдыг эгнээндээ нэгтгэнэ. Олимпын наадамд холбогдох аливаа асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрхийг ОУОХ дангаар эдэлнэ.
ӨВӨЛ, ЗУНЫ ОЛИМПЫН НААДАМ
Олимпын наадам нь өвөл, зуны олимпын тоглолтоос бүрдэх ба тэдгээр нь тус бүр 4 жилд нэг удаа болно. Өвлийн олимпын анхдугаар наадам 1924 онд явагдсан. Иймээс өвлийн олимпын он дарааллыг 1924 оноос эхлэн тоолдог. Цас, мөсөн дээр явагддаг спортын тэмцээнүүдийг өвлийн спортын төрлүүд гэж нэрлэнэ.
Зуны олимпын наадмын дараалал 1896 онд Афин хотноо явагдсан орчин үеийн олимпын анхдугаар наадмаас эхлэн тоолдог.
ОЛИМПИАД
Олимпиад гэсэн нэр томъёо нь Олимпын наадам эхэлсэн өдрөөс дараагийн олимпын наадам эхлэх өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх дөрвөн жилийн дараалалтай нэг үеийг хэлнэ.
Хэрвээ ямар нэг шалтгаанаар аль нэгэн олимпын наадам явагдаагүй бол олимпын нэг үе өмнөх олимпын наадам эхэлсэн өдрөөс хойших 4 жилийн хугацаагаар дуусгавар болох бөгөөд энэ өдрөөс дараагийн шинэ олимпын үе эхэлнэ.
ОЛИМПЫН НЭЭЛТ, ХААЛТЫН АЖИЛЛАГАА
Төрийн дуулал эгшиглүүлэх, төрийн далбаа мандуулах ёслол
Олимпт оролцогч орны тамирчдыг олимпын тосгонд хүлээн авч байрлуулсны хүндэтгэл болгож зохион байгуулах хороо тэр орны төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлэх ёслол үйлдэхээс гадна, спортын төрөл тус бүрт эхний гурван байр /жүдо дөрвөн байр/ эзэлсэн тамирчдыг хүндэтгэлийн тавцанд урьж тэдгээрийн эх орны далбааг хүндэтгэлтэй өргөж, медаль гардуулах, аваргалсан тамирчны эх орны төрийн дуулал эгшиглүүлдэг уламжлал мөрдөгдөж байна.
ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ
Олимпын нэг хүндэтгэл нь нээлтийн ёслол дээр тамирчин, дасгалжуулагчдын төлөөлөгчид үнэнч шударга өрсөлдөхөө олимпын таван цагаригт цагаан тугийн өмнө батлан тангарагладаг уламжлалтай юм.
ТАМИРЧНЫ ӨРГӨХ ТАНГАРАГ
Зохион байгуулагч орны нэг тамирчин индэр дээр гарна. Тэрээр Олимпын тугны булангаас зүүн гараараа барьж, баруун гараа өргөн баяр ёслолын байдалтайгаар тангараг өргөнө. Үүнд: Олимпын наадам явагдах Дүрмийг хүндэтгэн сахиж, спортын алдар, өөрийн багийн нэр төрийн төлөө спортын чин шударга сэтгэлийн үүднээс Олимпын наадамд оролцоно гэдгээ нийт тамирчдын өмнөөс тангараглаж байна.
ШҮҮГЧИЙН ӨРГӨХ ТАНГАРАГ
Олимпын наадам явагдах Дүрмийг хүндэтгэн сахиж, Бид өөрсдийн үүргээ сэтгэлийн хөдлөлөөр бус жинхэнэ спортын шударга сэтгэлийн үүднээс биелүүлнэ гэдгээ нийт шүүгч, албаны хүмүүсийн нэрийн өмнөөс тангараглаж байна.
НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА
Төрийн тэргүүнийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалган дээр ОУОХ- ны Ерөнхийлөгч, Зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч нар угтана. Дараа нь хоёр ерөнхийлөгч Төрийн тэргүүнийг дагалдаж, түүнийг хүндэтгэлийн суудалд нь хүргэнэ.
Үүний дараа оролцогчдын жагсаал эхэлнэ. Өөрийн албан ёсны хувцсыг өмссөн улс орны төлөөлөгчид, баг тамирчдын өмнө тухайн улсын нэрийн хаяг явах бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс 1 хүн улсынхаа тугийг барьж явна. Оролцогч орны туг ба нэрийн хаягийг Зохион байгуулах хороо гаргана. Бүх улсын туг, хаяг нь нэг адил хэмжээтэй байна. Нэрийн хаяг нь авч явах хүмүүсийг Зохион байгуулах хорооноос томилно. Жагсаалд зөвхөн Олимпын наадамд оролцох, олимпын тосгонд амьдрах баг тамирчид оролцоно. Тэднийг тухайн улс орны албан ёсны төлөөлөгчдөөс 6-аас дээшгүй хүн дагалдах эрхтэй.
ОЛИМПЫН НААДМЫН НЭЭЛТИЙГ ХЭН ЗАРЛАХ ВЭ?
Олимпын наадам нээснийг Зохион байгуулагч улсын төрийн тэргүүн зарлана. Төрийн тэргүүн Олимпын наадмыг нээж дараах маягаар үг хэлнэ. Үүнд: “Би … хотод зохиогдож буй Өвлийн Олимпын …/Зуны олимпын/ наадмыг нээснийг мэдэгдэж байна”.
ОРОЛЦОГЧДЫН ЖАГСААЛЫГ ЯМАР УЛСЫН БАГ ТАМИРЧИД АХАЛДАГ ВЭ?
Жагсаалд оролцогсод нь тухайн улс орны цагаан толгойн дарааллаар /жагсаалын эхэнд явах Грекийн баг тамирчид, жагсаалын төгсгөлд явах зохион байгуулагч улс орны баг тамирчдыг эс тооцно/ явна.
ХААЛТЫН АЖИЛЛАГАА
ОЛИМПЫН ТУГИЙГ ЗАЛАХ ЁСЛОЛ
Нээлтийн ажиллагаа :
Цэнгэлдэх хүрээлэнд Олимпын дуулал эгшиглэх явцад Олимпын далбааг дэлгэмэл байдлаар хүндэтгэлтэйгээр оруулж ирэх ба бэлтгэгдсэн цамхагт өргөж мандуулна.
Хаалтын ажиллагаа :
Хөгжимд фанфар эгшиглэж, олимпын гал бөхнө, олимпын дуулал эгшиглэх явцад олимпын тугийг аажмаар буулгаж талбайгаас дэлгэмэл байдлаар авч гарна. Түүний араас тугчид дагалдана. Дараа учрахын ерөөл тавьж дуу хөгжим эгшиглэнэ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
02 Comments
Leave A Comment