Нүүр Мэдээ Буцах
shape
  • 6 сарын 21, 2022

ОЛОН УЛСЫН ОЛИМПЫН ӨДРИЙН ТУХАЙ

Eurotravel             

              Одоогоос 128 жилийн тэртээ буюу 1894 оны VI сарын 23-ны өдөр Францын соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер-де-Кубертен нь цэл залуу 31 настайдаа Парис хотноо эртний Грекийн олимпын наадмыг сэргээн, таван тивийн улс үндэстнийг спортоор нөхөрлүүлэн, энх тайван, хамтын ажиллагааны үйлсийг хөгжүүлэх сод санаагаа хэрэгжүүлэн, Олон улсын олимпын хороог байгуулсан түүхтэй.

              Энэхүү өдрийг хүмүүн төрөлхтөн нандигнан хүндэтгэж,1948 оноос эхлэн, “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий дахинаа өргөн тэмдэглэдэг болсон билээ.

              Тухайн үед ОУОХ-г тэргүүлж, байсан Шведийн иргэн Зигфрид Эдстрём Олимпын өдөр хэмээх шинэ баярыг санаачлан, үүнийг дэмжсэн Португали, Грек, Австри, Канад, Швецарь, Их Британи, Уругвай, Венесуэл, Бельгийн спортлог залууст баярын мэндчилгээ албан ёсоор дэвшүүлж энэ тэмдэглэлт үйл явдал дэлхийд хүчтэй давлагаалж эхэлсэн юм.

              Олимпын өдөр нь нийгмийн хөгжилтэйгээ уялдан, шинэ утга агуулгаар улам бүр баяжин, 1987 оноос олон нийтийг хамарсан гүйлт зохион байгуулдаг уламжлалыг тогтоосон. Түүнчлэн орчин үеийн олимпын хөдөлгөөний эцэг, суут эрдэмтэн П.Кубертен өөрөө олимпын өдрийг үзээгүй таалал төгссөн ч түүний зүрхийг эртний олимпын өлгий Олимпия ууланд хадгалан мөнхжүүлж, гүн хүндэтгэл үзүүлжээ.

              Францын их бичгийн хүн Пьер-де-Кубертен нь 1500 жил “унтсан” эртний олимпыг зоригтой сэрээж, дэлхий нийтийн хамгийн дээд цэнгэл наадмыг бидэнд бэлэглэсэн ачтан мөнөөсөө мөн. Эртний Эллада гүрний Пелопонесийн хойгт орших Олимпия уулын энгэрт манай эриний өмнөх 776 онд анхны олимп зохиогдсон түүхтэй. Энэхүү наадам нь 5-6 сар үргэлжилж, Грекийн олон омог аймгийн эрэлхэг дайчин эрс өрсөлдөж, Зевс бурхандаа мөргөн, энэ үеэр элдэв дайн байлдаанаа нам зогсоон, олимпын эвлэрлийг хатуу чанд даган мөрддөг байсан нь сайшаалтай.

              Харин 12 зууны турш 4 жил тутам нижигнэдэг байсан олимпын наадмыг Грек орныг эзлэн түрэмгийлсэн Римийн эзэнт гүрний хаан Теодосиус гэгч манай эриний 393 онд харгис зарлигаараа тас хааж, хар хуудас нээсэн нь гуниг гутамшиг дагуулсан.

              Гэвч ган сэлмээр дийлээгүйг, хулсан бийрээр бүтээдэг эрдэмтдийн ачаар ОУОХ шинээр байгуулагдан, 1896 онд орчин цагийн олимпын наадам эх өлгий Грек нутагтаа эргэн ирсэн гэрэлт өдрийг мартахын аргагүй.

              ОУОХ нь дэлхий дахины олимпын хөдөлгөөнийг удирдах үүргээ нэр төртэй биелүүлж, олон бэрхшээлийг даван туулсан. Есөн ерөнхийлөгчийн нүүрийг үзэж, 206 орныг эгнээндээ нэгтгэн, өвөл, зуны олимпын наадмыг баздаг ОУОХ нь дэлхийн I, II дайны үед 3 удаагийн олимпоо цуцалж, тэр бүү хэл цар тахлын хар гайгаар энх цагт "Токио-2020" наадмыг түүхэндээ анх удаа хойшлуулсан ч спорт-олимпизмийн тугаа өндөр мандуулсаар.

              МҮОХ-ны хувьд анх 1987 оноос дэлхий дахинаа олимпын өдрийн нэрэмжит гүйлтийг зохион байгуулах үйлст идэвхийлэн оролцож эхэлснээс хойш жил бүр олон нийтийг хамарсан гүйлтийг өрнүүлж, найман настай балчраас наян настай буурал, энгийн тамирчнаас эгэлгүй аваргууд хүртэл оролцсон намтартай.  


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo