Нүүр Мэдээ Буцах
shape
  • 3 сарын 03, 2022

АВСТРИ УЛСЫН ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ШИЛДЭГ 10 ГАЗАР

Hallstatt Austria Wallpapers - Top Free Hallstatt Austria Backgrounds -  WallpaperAccess

              Үзэсгэлэнт хотууд, үлгэрийн мэт тосгонуудаас эхлээд Альпийн уулсын үзэсгэлэнт байгальтай Австри улсын заавал очиж үзэх 10 газруудыг танилцуулж байна.

Eurotravel

ВЕНА

              Австрийн нийслэл Вена хот нь сонгодог хөгжим, урлагийн төв, барокко стилийн архитектурын төв байсаар ирсэн. Вена хотын амтат хоолтой ресторанууд нь мөн жуулчдыг маш их татдаг ажээ. Амьдралын чанараараа дэлхийд тэргүүлэгч хотуудын нэг ба Австрийн хамгийн том , дэгжин байдлын илэрхийлэл болсон уг хотод жил бүр 200 гаруй томоохон цэнгээнт бүжгийн үдэшлэг зохион байгуулагддаг. Гайхамшигт Шонбрунн ордон, Хофбург, Ратаус, Белведер ордон зэрэг олон тансаг дурсгалт газрууд байдаг. Улсын дуурийн театрт Венийн филармонийн тоглолт үзэх, Дунай мөрний эрэг дагуу далайн аяллаар хотын үзэсгэлэнт газруудаар зугаалах, Мишелин одтой ресторанд дэлхийн хэмжээний зоог барихыг хүсвэл Вена хотыг зорих нь хамгийн зөв сонголт байх болно. Хэрэв та байгальд амрахыг илүүд үздэг бол Бурггартен эсвэл Дона Ауэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахыг бүү мартаарай. 

Eurotravel

ЗАЛЬЦБУРГ

              Австрийн төв хэсэгт байрлах Зальцбург хот нь тус улсын дөрөв дэх том хот ба аугаа их хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг билээ. Салзах голын эрэг дагуу орших энэ хот нь Альпийн үзэсгэлэнт уулсын  дунд оршдог  сэтгэл татам хот юм. Дундад зууны үеийн Хохенсалцбургийн цайз нь Фестунгсберг толгод дээр байрладаг ба сүр жавхлантай харагддаг. Та 20 минутын турш дээш алхаж, эсвэл фуникулераар нэг минутын дотор оргилд нь гарах боломжтой. Мөн Гэгээн Петрийн хийд, оршуулгын газар, Мирабеллийн ордон, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон нутгийн хэд хэдэн газруудаар зочлох боломжтой.

Eurotravel

САЛЦКАММЕРГУТ

              Энэ хот нь тунгалаг нуурууд, Өндөр сүрлэг уулс, дур булаам төрхөөрөө аялагч бүрийг соронзон мэт татна. Зальцбург хотоос хагас цаг яваад ЮНЕСКО-гийн жагсаалтад орсон гайхалтай Халлстатт хот байдаг. Австри улсын хамгийн үзэсгэлэнт газруудын нэгт зүй ёсоор багтдаг. Үлгэрийн мэт үзэсгэлэнт байгалаараа   гэрэл зурагчдын зүрх сэтгэлийг эзэмддэг.  Тосгон болон ойр орчмын газруудын хосгүй гайхалтай үзэмжийг үзэхийн тулд та Халлстатт дахь фуникуляр төмөр замд сууж, уулын хөндийгөөр дамжин Hallstatt Skywalk тавцан руу очиход л хангалттай.

Eurotravel

ИНСБРУК

              Инн голын эрэг дээр, 2000 метрийн өндөр уулсын дэвсгэр дээр байрладаг Инсбрук нь Австри улсын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм. Альпийн нурууны нийслэл гэгддэг тус улсын тав дахь том хот Инсбрук нь явган аялагчид болон цаначдын очих дуртай газар бөгөөд жил бүр сая сая жуулчид өвлийн улиралд байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхохоор ирдэг. Энэ хот өвлийн спортын байгууламжаараа дэлхийд алдартай ба 1964, 1976 онуудад өвлийн олимпыг хоёр удаа зохион байгуулж байжээ. Хот болон хүрээлэн буй орчныг бүхэлд нь харая гэвэл кабелийн машинаар Нордкетт уулын оройд руу очиж тэндээс харах нь хамгийн тохиромжтой. Гэгээн Яковын сүм, Хофбург (хуучин эзэн хааны ордон), Амбрас шилтгээн нь заавал үзэх ёстой газруудын тоонд ордог байгаа.

Eurotravel

ГРАЦ

              Мур мөрний эрэг дээр байрладаг Австрийн хоёр дахь том хот Грац нь улаан дээвэр, Шлоссберг толгодын цайзаараа алдартай. Энэ хотод ЮНЕСКО-гийн бүртгэлд бүртгэгдсэн Эггенбергийн ордон, Арнольд Шварцнеггерийн бага насаа өнгрөөсөн байшин байдаг. Грац нь байгальд дурлагчдын диваажин болсон хот бөгөөд явган аяллууд олноор зохион байгуулагддаг. Мөн хотын идэвхтэй шөнийн амьдрал нь залуусыг тэр дундаа орон нутгийн оюутнуудыг маш ихээр татдаг.

Eurotravel

БАД ГАШТЕЙН

              Хэрэв та өөрийгөө эрхлүүлэх дуртай бол Бад Гаштейн рашаанд ороорой . Жил бүр мянга мянган хүмүүс Австрийн Өндөр Тауерн уулс дахь энэхүү үзэсгэлэнт рашаан сувиллын хотын олон амралтын газар, халуун усанд орохоор ирдэг. Эргэн тойрон дахь ой мод, эгц уулын энгэрүүд нь энэ хотыг зуны улиралд явган аялагчид, өвлийн улиралд цаначдын очих дуртай газар болгодог. Мөн алдарт зуу гаруй жилийн түүхтэй 11 давхар Grand Hotel de l'Europe зочид буудалд байрлах боломжтой. Bad Gastein хүрхрээ нь хотын төв дундуур урсдаг ба Австри улс дахь  хамгийн өвөрмөц газруудын нэг юм.

Eurotravel

ГРОССГЛОКНЕРИЙН УУЛЫН ЗАМ

              Уг үзэсгэлэнт зам нь Салзахийн хөндийн Брукаас Австрийн хамгийн өндөр уул болох Гроссглокнер руу хөтөлнө. Гайхамшигтай ландшафттай зохицсон энэ маршрут нь 48 км үргэлжилдэг. Замдаа та Альпийн нуга, уулын ой, гайхамшигтай үндэсний цэцэрлэгт хүрээлэн, мөсөн голуудыг дайран өнгөрөх болно. Гроссглокнер уулын бэлд байрладаг Хайлигенблут ам Гроссглокнер тосгон нь гоёмсог гэрэл зураг дарах хамгийн тохиромжтой газар юм. Гэгээн Винсентийн сүм нь олны анхаарлыг илүү татдаг. Өндөр Тауэрн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг Австрийн хамгийн өндөр хүрхрээ болох Кримл хүрхрээг бас үзэх боломжтой.

Eurotravel

ЗЕЛЛ АМ ЗЕ

              Китцбюхелийн Альпийн нуруунд, ижил нэртэй тунгалаг цэнхэр нуурын дэргэд байрладаг Зелл Ам Зе бол Австрийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг нь гарцаагүй мөн билээ.Зуны улиралд энэ жижиг хотод амарч, нууранд сэлж, орон нутгийн замаар дугуй унахаар ирдэг жуулчид хөл хөдөлгөөнд дарагддаг ба Өвлийн улиралд энэ хот цаначид болон бусад өвлийн спорт сонирхогчдоор дүүрдэг ажээ. Хотын төвд байрлах тохилог кофе шопууд, үзэсгэлэнтэй хуучин барилгууд нь ойролцоох Зальцбургийн нутгийн иргэдийг ч мөн татдаг. Алдарт хонхны цамхаг бүхий Гэгээн Ипполитын сүм нь хотын хамгийн сайхан газруудын нэг мөн билээ. Мөн амттай, сонгодог Австри хоолоор үйлчилдэг хэд хэдэн ресторан байдаг.

Eurotravel

ДЮРНШТЕЙН

              Вахау хөндийн дарсны бүс дэх Дунай мөрөн дээр байрладаг Дюрнштейн жижиг хот нь Австри улсад аялагчдын зорин очих хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Мөн дарсанд дурлагчдын заавал ирэх газар ба голын дагуух хэд хэдэн усан үзмийн талбайнууд алдартай Riesling болон Grüner Veltliner усан үзмийг тариалдаг.

Eurotravel

ВОРАРЛБЕРГ

              Австри улсын баруун хэсэгт Герман улстай хиллэдэг энэ нутаг нь явган аялал, цаначдын мөрөөдлийн газар юм.  Ворарлберг нь Natura 2000 сүлжээн дэх Европын хамгийн том хамгаалалттай бүсүүдийн нэгэнд ордог бөгөөд  гайхамшигтай Констанс нуур болон түүний эргэн тойрон дахь Брегенц, Дорнбирн, Хохенемс, Фельдкирх хотууд энд байрладаг. Энэ бүс нутаг нь соёлын арга хэмжээ фестивалиудаараа алдартай ба олон тооны музей, барилга байгууламжтай.

 


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo