Нүүр Мэдээ Буцах
shape
  • 1 сарын 21, 2022

БУРЖ ХАЛИФА БУЮУ БАХАРХАЛЫН ЦАМХАГ

Бурж Халифа нь Дубай хотод орших тэнгэр баганадсан цамхаг ба анхны нэр нь Бурж Дубай байжээ. Арабын Нэгдсэн Эмиратын ерөнхийлөгч Шейх Халифа ибн Заид ан-Нахайянууд зориулан Бурж халифа хэмээн нэрийдсэн байна. Бурж Халифа бол Дубай хотын төдийгүй дэлхийн хамгийн өндөр барилга юм. Энэ барилгын гаднах хэлбэр дүрсийг харахад 828 метрийн урттай сталагмитийг санагдуулам. Барилга нийтдээ 163 давхар, 9 дээд зэрэглэлийн зочид буудалтай юм.

Бурж-Халиф цамхагтай харьцуулахад дэлхийд хоёрдугаарт орох Шанхайн цамхаг нь дөнгөж 632 метр болно. Уг барилга нь Эйфелийн цамхагаас 3 дахин өндөр юм.

Тэнгэр баганадсан уг барилгын 452 метр хүртэл хүн гарч болно, нийт 164 давхар бөгөөд нэг нь газар доорх давхар юм. Уг барилга нийт 54 цахилгаан шаттай бөгөөд секундэд 10 метр хурдлах чадалтай (Дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат). Мөн энэ барилга нь 2957 машины зогсоолтой ба 304 зочид буудал, 904 орон сууц байрладаг ажээ. Барилгын жуулчдад зориулсан хэсгийн загвар хийцүүд нь маш гоё. Мөн 123, 124-р давхруудын саруулхан том талбай нь хот харахад тухтай (хот харах талбайн өндөр 505 метр). Хотыг харах талбайн ихэнх нь шилэн фассадтай. Жуулчдад зориулж электрон телескоп байрлуулж өгсөн байдаг. Мөн эндээс Дубайн хуучин хэсэг, усан онгоцны буудал, Дубай-крик, нисэх онгоцны буудал, Шарж зэргийг харж болно. Зарим цонхны дунд хотыг харахад зориулж бага зэргийн завсар гаргаж өгсөн байдаг.

Тэнгэр баганадсан энэ барилгын зураг төслийг АНУ-ын Скидморе, Овингс, Меррилл компаниуд гаргасан бөгөөд Өмнөд Солонгосын Самсунг Инженеринг компани барилгыг барьжээ. Бурж Халифаг өөрийн гэсэн ногоон орчин, гудамж, парктай "хотын доторх хот" байхаар төлөвлөж байжээ. Цамхгийн нийт өртөг ойролцоогоор 1,5 тэрбум доллар. Ерөнхий архитектураар нь цамхаг барих туршлагатай, Америкийн алдарт уран барилгач Эдриан Смит ажилласан юм. Бурж Халифа бол Дубайн ажил хэргийн төвийн нэгэн шинэ түлхүүр объект юм. Цамхгийн дотор буудал, орон сууц, оффис, худалдааны төвүүд бий. Төсөл ёсоор доод 37 давхарт буудал, харин 48-108 дугаар давхарт 700 тансаг сууц байхаар төлөвлөгджээ. Ихэнх талбайг оффисын зориулалтаар хийсэн аж. Гурван талт одыг санагдуулам суурийг Чикагогийн инженерүүд гаргаж ирсэн байна.

Энэ том барилгыг барихад маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа орсон нь тодорхой. Тодорхой хэлбэл, 6 жилийн туршид 22 сая хүн энд ажилласан. Зарим ид ажлын үед барилга дээр 12000 гаруй хүн зэрэг ажиллаж байжээ. Барилгыг барих ажил 2004 оны 9 сарын 21-нд эхлэсэн бөгөөд долоо хоногт 1—2 давхар барих хурдтайгаар явагдаж байжээ. Мөн Бурж Халифад зориулж +50 хэмийн халууныг тэсч чадах бетоныг боловсруулсан байна. Бетон хийцийн ажлыг ихэвчлэн шөнө маш том мөсөн байгууламж босгон хийдэг байж .160 давхар хүртэл бетоны ажил хийгдсэний дараа, 180 метр урт металл хийцийг угсрах ажил үргэлжилжээ. Байшингийн галын аюулгүй байдлын систем 32 минутын дотор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжтой ба энэ барилга нь өөрийгөө эрчим хүчээр хангах чадвартай.

Дубай хот нь маш халуун цаг агаартай, зундаа дунджаар +41-50 хэм байдаг болохоор энэ халууныг тэсч чадах ёстой. Бурж Халифад тусгайлан зориулж олон зүйлийг хийж өгчээ. Жишээлбэл: Cалхины хүчээр ажилладаг 61 метр турбинтэй, мөн барилгын хананд байрлуулж өгсөн 15000 метр талбай бүхий нарны зайтай, энэ нь өрөөнд хэт халуун орж ирэхээс сэргийлдэг. Барилга нарнаас хамгаалсан гэрэл ойлгогч тусгай нарны хаалттайн дээр энэ нь өрөө тасалгааг хэт халахаас сэргийлдэг бөгөөд энэ асуудлыг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 300 гаруй мэргэжилтэн шийдэж өгчээ. Мөн барилгын гадна талыг цаг агаарт тэсвэртэй материалаар хийжээ.

Энэхүү барилгын байнгын төгс харагдах 26000 шилэн хавтанг цэвэрлэх ажлыг тус бүр 13 тонн жинтэй 12 цэвэрлэх машин, 36 цэвэрлэгээний ажилчдын тусламжтайгаар гүйцэтгэдэг ажээ.

Бурж Халифаг нээх өдөр хүртэл барилгын өндөр нууц хэвээр байв. Инженерүүдийн хэлснээр, барилга баригдах явцад хэд хэдэн удаа төлөвлөж байснаас илүү өндөр болох тухай яригдаж байжээ.Тус улсын хэвлэлд энэ тэнгэр баганадсан барилгыг "Бахархалын цамхаг" хэмээн нэрлэдэг болжээ.


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo